Шүлгийн цомог |
2014-05-28 - Дэлхийн хамгийн гайхалтай моднууд
Ой мод бол та бидний амьдралын нэг эх үүсвэр билээ. Та бидний амьд яваагийн нэг гол шалтгаан яах аргагүй мод. Энэ удаад дэлхий дээр олон мянган жил болсон гайхалтай моднуудын талаар өгүүлэх болно.
Хөгшин Тжикко- Дэлхийн хамгийн хөгшин мод (9550 жил)
Дэлхийн хамгийн хөгшин мод нь Шведийн Даларна мужийн Фулуфяаллет ууланд бий. Уг модыг профессор Лейф Куллман анх олж нээсэн бөгөөд нохойныхоо нэрээр Хөгшин Тжикко гэж нэрлэжээ.
Анх харахад 5 метр орчим өндөртэй энэ мод дэлхийн хамгийн хөгшин амьд организм гэсэн сэтгэгдэл огт төрүүлэхгүй, гэхдээ хэмжээнд нь бүү хууртагтун. Есөн мянга гаруй жилийн турш энэ мод байгаль, цаг уурын төрөл бүрийн нөхцлийг баатарлагаар туулж ирсэн юм.
Тжиккогийн урт наслалтын нууц нь юу юм бол? Эрдэмтэд үүнд хоёр шалтгаан бий гэж үзсэн нь клоны (clonal) болон үе үүсгэх аргууд. Клоны үеэр модны их бие хэдэн зуун жил тутамд (энэ модны хувьд 600 жилд) устаж алга болдог ч үндэсний систем нь олон мянган жилийн турш амьд байж чаддаг. Харин үе үүсгэх арга нь модны мөчир газарт хүрч, улмаар үндэс болон хувирахыг хэлж байгаа юм.
Эрдэмтэд ойр хавиас нь 8000-аас дээш настай хэд хэдэн мод олсон нь үнэхээр гайхалтай.
АНУ-ын өмнөд Калифорни дахь Инёо мужийн Уайт ууланд ургадаг метуселах нь нэгэн төрлийн нарс бөгөөд бараг 1000 жил насласан гэдэг Библийн нэгэн дүрээс нэрээ олж авчээ.
Энэ мод тэгвэл Тжиккогоос юугаараа ялгаатай вэ? Тжикко нь өөрийгөө клонлох (хувилах) аргаар олон мянган жилийг тэсч гарсан бол Метуселах нь ингэлгүйгээр 4000 гаруй жилийг туулж ирсэн мод. Энэ модны цагаригийг судалж үзэхэд 2012 оны байдлаар 4845 настай болох нь тогтоогдсон юм.
Хайперион-Дэлхийн хамгийн өндөр мод (115.6 метр)
Уг модыг 2006 оны наймдугаар сарын 25-нд Крис Эткинс, Майкл Тэйлор нар АНУ-ын Калифорни мужийн Редвуд үндэсний дархан цаазат газраас олж нээсэн юм. Хайперион нь 700-800 орчим жилийн настай. Судлаачид энэ модыг үүнээс өндөр байх боломжтой гэж таамагладаг, учир нь тоншуулны учруулсан гэмтлийн улмаас орой хэсгээрээ хугарч намссан ажээ.
Энэ аварга модноос ч өндөр модод байсан боловч 1960-аад оны их мод бэлтгэлээс шалтгаалж Редвудын ихэнх өндөрүүд тайрагдсан юм. Тус мужид ургаж байсан модны 90 хувийг 1978 он гэхэд устгаж амжсан бөгөөд дархан цаазат газар болгосноор энэ балагт явдал төгсгөл болсон түүхтэй.
Бусад ихэнх гоц модны нэгэн адил Хайперионы хаана ургадаг нь нууц бөгөөд ердөө гурван бүлэг хүмүүс энэ модыг олж, баримтжуулсан байдаг юм.
Генерал Шерман-Дэлхийн хамгийн том мод
Зарим мод өндөр эсвэл суурь хэсгээрээ асар өргөн байдаг ч алдарт Генерал Шерман модтой зүйрлэхийн аргагүй. Уг мод нь хэмжээ дамжаагаараа (мөчирнүүдийг нь оруулахгүй) дэлхий дээр амьдарч буй бүх амьд зүйлээс том бөгөөд дэлхий дээрх хамгийн том амьд организм юм.
Энэ мод нь 2300-2700 орчим жилийн настай. Маш олон ойн түймэр, уур амьсгалын өөрчлөлт, хамгийн гол нь хүний аюулыг даван гарч чадсан мод.
Генерал Шерманы хэмжээ: жин-1385 тонн, өндөр-83.8 метр, диаметр нь суурь хэсгээрээ 11.1 метр.
Америкийн иргэний дайны үеэр Генерал Уильям Текумсех Шерманы удирдлага дор байлдаж явсан байгаль судлаач Ж.Волвертон 1879 онд уг модыг генералынхаа нэрээр нэрлэсэн юм.
Арбол дел Туле-дэлхийн хамгийн өргөн мод
El Бrbol del Tule (испаниар Тулегийн мод) бол Мексикийн Оаксака мужийн Санта Мариа дел Туле хотын төвд байдаг майлс мод. Тус хотыг энэ модны нэрээр нэрлэсэн байна.
1400 орчим жилийн настай энэ модны диаметр нь 11.62 метр бөгөөд үүгээрээ дэлхийн хамгийн өргөн модонд тооцогддог юм. Уг модыг хэд хэдэн модноос бүрдсэн байх гэсэн таамаглал байсан ч ДНХ шинжилгээний эцэст ганц мод болохыг нь тогтоожээ.
Гэвч маш их бохирдол (зэргэлдээх хурдны замаар нь 8000 орчим машин явж өнгөрдөг), усны бага нөөцийн улмаас Арбол дел Туле нь үхэж буйг 1990-ээд оны эхээр олж тогтоожээ.